Wednesday, December 1, 2010

Эссе №3

Миний мэргэжил
            Жаргал зовлон, баяр хөөр, уйтгар гуниг, уналт доройтол, ухаарал сэнхрэл, уй гашуу, урам зориг дүүрэн энэ хорвоод хүн гэгч амьтан хөлөө олж амьдрах нь  хэн хүний дотор орших хэвшмэл асуудлын нэг юм. Сайхан амьдарч сайныг эдлэх нь хэн хүний хүслэн, шунал тачаалын гаслан. Гагцхүү энэхүү хүсэл эрмэлзлэлд нь нөлөөлөгч гол хүчин зүйл нь яахын аргагүй тухайн хүний ажил мэргэжил аж амьдрал юм. Ажил мэргэжил нь хүний амьдралын салшгүй нэг хэсэг нь болохын хувьд хүсэл хэрэгцээгээ хангах орлогын эх үүсвэрийг бүрдүүлэгч, хийх бүтээх зоригийг бадраасан урам зоригийн түлш юм.
Миний үзэж байгаагаар “мэргэжил” гэдэг үгийн хувьд хүн өөрийн хүсэл сонирхол, мэдлэг боловсрол, чадвар чадамж /авьяас/ дээр тулгуурлаад өөрийн амьдралдаа хамгийн сайн хийж чадах ажил мэргэжлийг сонгож ажиллаж амьдрах адил мэргэш тэгээд жил жилээр ажилла гэж өгүүлсэн болов уу гэлтэй... Хүн мэргэжлээ зөв олж чадварлаг эзэмшсэнээрээ хувь хүнийхээ хувьд цаашлаад байгууллага бүр цаашлаад нийгэм эх орондоо ч нөлөөлж тодорхой хэмжээний ахиц дэвшил, хөгжлийг ч авчрах боломжтой байдаг. Мэргэжил бүхэн сайхан... гэхдээ тухай мэргэжлээ сайн чадварлаг эзэмшвэл шүү дээ. Учир нь тухайн ажлынхаа үүрэг ач холбогдлыг хэр ухамсарлаж, яаж ажиллаж хичээл зүтгэл гаргаснаас үр дүн нь харагдах болно.
Би бээр Эдийн засгийн сургуульд сурдаг
               Эх орныхоо иргэн хүн
               Мэргэжил эзэмшихээр зорьж буй
               Менежментийн ангийн оюутан
Менежмент гэдэг нь байгууллагын зорилгод хүрэхийн тулд нөөцүүдийг үр ашигтай, арга замаар төлөвлөж шийдвэр гаргах, зохион байгуулах, манлайлах, хянах үйл ажиллагаануудын нэгдэл мөн. Менеж буюу manage гэдэг үйл үг нь Латин хэлний manus (гар) хэмээх үгнээс гаралтай Италийн maneggiare (жолоодох, сургах-ялангуяа адууг) хэмээх үгнээс үүсжээ. Mesnagement (сүүлд management гэх болсон) хэмээх Франц үг 17, 18-р зууны үед Англи хэлний менежмент (management) гэсэн утгатай үг үүсэн хөгжихөд нөлөөлсөн гэж үздэг. Менежмент нь удирдлагын үйл ажиллагаа явуулж буй аливаа хувь хүн, хүмүүстэй хамаатай ойлголт юм.
Энэхүү менежментийг хэрэгжүүлэгч субъект нь менежер юм.
Миний мэргэжил менежер.
Менежер хүн гэж ямар хүн, юу хийдэг, ямар үүрэг гүйцэтгэж хэр хэрэгтэй мэргэжил болохыг би өөрийнхөө ойлголтоор тайлбарлая. Миний үзэж байгаагаар энэхүү менежер гэгч мэргэжил нь “ухаалаг зөв харилцахуй, удирдан зөв залахуй, ур дүйтэй ажиллахуй, уян хатан бодлого байршихуй” гэсэн 4 “У”-р авч үздэг. Үүнийгээ би “Менежер хүний удирдахуйн 4 У” гэж нэрийдсэн юм.
Ухаалаг зөв харилцахуй
Нийгэм бүхэлдээ хүмүүсийн харилцаан дээр тогтдог бөгөөд нийгмийн амьдралд гарч буй сайн сайхан өөрчлөлтүүд ч, аливаа зөрчилдөөн хэрүүл тэмцэл үргэлж хүмүүсийн хоорондын  харилцаанаас үүдэлтэй. Хүн хүнтэйгээ харилцана гэдэг харилцан бие биенээ хөгжүүлж, мэдлэг оюунаа арвижуулж, ухаанаа тэлж, ахиц гаргахын асар их боломж юм. Чухамхүү ажил мэргэжлийн хувьд ч харилцаа нь маш чухал хэрэгтэй амин чадвар юм. Тиймээс менежер хүн харилцах урлагт сайн суралцсан байх бөгөөд харилцааны соёл эзэмшсэн байх ёстой. Ингэснээрээ ажлынхаа хамт олонтойгоо эвсэг байж сайн харилцан ойлголцож сайхан хамтарч ажиллаж чадна.
Харилцаа нь хамтарч ажиллахын анхдагч харилцаа болж өгдөг.
Удирдан зөв залахуй
Менежер хүний ажилтантайгаа харилцаж зөв харьцаад эхэлсэн тул тэдэнтэй хамтарч ажиллаж  юу болж байгаа, юу нь болохгүй байгааг хэлж чиглүүлэгч нь болж өгдөг. Учир нь менежер хүний ажлын үр дүн ажилчдынхаа хийж буй ажил хэрэгтэй шууд холбоотой байдаг бөгөөд хэрэв ажилд сайн ажиллавал менежрийн ажил нь ч сайн байна. Нэг талаар багшийн чиглүүлэх үүргийг гүйцэтгэж байна л гэсэн үг.
Ур дүйтэй ухаалаг ажиллахуй
Өөрийнхөө ажилдаа өөрийн ур чадвар хичээл зүтгэлээ гаргаж сэтгэл шингээж ажиллах. Жишээ нь: Мужаан хүн өөрийн бүтээсэн авдрандаа хээ тавих шаардлагатай. Хээ сайхан муухай зурах нь мужаан хүний сэтгэл, ур чадвараас нь шалтгаалж өгнө үзэмж, хэлбэр дүрс, нарийн зузаан, сайхан муухай нь харагдана. Үүний адилаар менежер хүний ур дүй нь хээ хээлэхтэй адил юм.
Уян хатан бодлого барихуй
Хувирч хувьсахдаа амар орчин нөхцөлд нэг бодлогодоо хэт их туйлширч барилгүйгээр тухайн нөхцөлд  нь таарсан оновчтой сонголтыг хйих нь менежер хүний зайлшгүй нэг чадвар юм. Африкт очоод малгай бээлий зарах гээд байгаатай адил орчин нөхцлөө сайн судалж мэдрээгүй байж шууд хатуу бодлого барих хэрэггүй юм. Менежер хүн баг, хамт олонтойгоо хамтран ажиллаж зохицохуйн ур ухааныг өөрийн удирдаж, зохион байгуулах ур чадвар, ухаалаг бодолтой, өндөр соёлжсон эрх зүйт хүн юм. Тиймээс тухайн байгууллагад менежер хүний гүйцэтгэх ажил, үүрэг роль ихтэй маш хариуцлагатай ажил байдаг. Сайн менежер болохын тулд эхлээд хувь хүн маань өөрөө нягт нямбай, шударга зарчимч, харилцааны соёлтой, ур чадвартай байх зэрэг хувь хүнийхээ чадварыг эзэмшсэн цаашлаад бусдыг удирдан зохион байгуулах манлайлах чадвартай байх хэрэгтэй. Энэ бүхнийг цогцлоосноор хамт олондоо үлгэр жишээ үзүүлж хайр хүндлэлийг нь хүлээж баяр талархлыг авч хамтаар нэгджих нэгэн бүхэллэг тогтолцоог бий болгох бөгөөд энэ бүхэллэг тогтолцоо маань маш бат бөх байх ба гарч буй үйл ажиллагаа үр дүн нь чанартай сайн амжилттай байх болно. үүнийг сизнергийн онолоор тайлбарлавал хамтаар нийлсэн зүйл тус тусдаа байснаас хэд дахин илүү чухал ач холбогдолтой бөгөөд дахин давтагдашгүй санаанууд хоорондо нийлэхээрээ илүү хүчтэй харуулсан юм. жишээ нь: 5:10 см өргөнтэй дүнз мод 280 кг даадаг бол, 2 ширхэг 5:10см мод 560 кг даах ёстой байтал910кг даадаг. Хэрэв нийлүүлж хадвал 2437 кг даадаг байна. цаашлаад 5:10см өргөнтэй мод гурвыг нийлүүлж хадвал 5000 кг даадаг нь батлагдсан байна. Үүнээс үзвэл хамтаар нийлж бүтээсэн зүйл тэр дундаа хамтдаа санаа сэтгэлээ нэгтгэж хийж бүтээсэн ажил нь хэр урагштай хэр үр дүнтэйг энэхүү жишээнээс харж болно. Чухамхүү байгууллагын хувьд менежер нь хамтын хүчийг бүрэлдүүлэгч тэрхүү холбогч зохицуулагч ажилтан юм. Тиймээс менежер хүн хувь хүн цаашлаад хамт олон байгууллага бүр цаашлаад нийгэмдээ ч нөлөөлөхүйц хувь нэмэр оруулдаг нь энэ бүгдээс харагдаж байна. Би энэхүү мэргэжлийг сонгож авсандаа үнэхээр их сэтгэл хангалуун явдаг. Үүний учир нь өндөр албан тушаал эд хөрөнгөндөө ч байгаа юм биш, эх орныхоо төлөө иргэн хүний зүгээс хийж бүтээхийн хүслэн болсон ажил мэргэжлээ зөв сонгож үүнийхээ төлөө бэлтгэгдэж байгаад оршино. Би менежментийн менежерийн мэргэжилдээ сайн бэлтгэгдэж ирээдүйд өндөр ур чадвартай боловсон хүчин болно гэдэгтээ итгэл төгс байна.
МУИС-ийн ЭЗС Менежмент1 ангийн оюутан Л.Марал

1 comment:

  1. Гоё бичсэн байнаа.Сурлаганд чинь амжилт хүсье....

    ReplyDelete