Saturday, November 27, 2010

Эссе №2


“Миний мэргэжил”
/эссэ/
Далайчин Колумб зүгээр л хандсан зүг рүүгээ хөвөөгүй, харин тэрээр зөвхөн өмнө зүг рүү шинэ тивийг нээхээр зорин аялсан юм. Хүн гэдэг энэ хорвоо дээр давтагдашгүй цор ганц бүтээгдэж, түүний үлдээсэн ул мөр, амьдралын зам харгуй цор ганц хувиар хэвлэгдэн үлддэг болохоор өнөөдөр бид Колумбыг америк тивийг нээснээр нь дуурсан ярьцгаадаг биз ээ.

Хүүхэд бүр л бага байхын өөр өөрийн гэсэн мөрөөдөлтэй байдаг. Миний л санахын эмэгтэй найзууд маань эмч, дуучин, багш болно гээд л, харин эрэгтэй хүүхдүүд дарга, онгоцны нисгэгч, цагдаа болно гэдэгсэн. Харин миний хувьд мөрөөдөл маань өөр хэрэг байлаа. Өвөөгөө “Социализмын зам нэгдэл”-ийн төлөвлөлтийн санхүүч байсан гэснийг дуулсан цагаасаа л хэдий тэр мэргэжлийн онцлогийг мэдэхгүй ч гэсэн би том болоод санхүүч болно гээд өөрийн дотоод сэтгэлдээ санхүүч болохын бяцхан мөрөөдлийнхөө модны үрийг суулгасан юм.
Колумбын адил би шинэ аялалд гарахаар 10 жилийн сургуулиа төгсөж элсэлтийн шалгалтаа өгчихөөд хувиар амлах өдрөө онгоцныхоо зангууг ирээдүйн амьдралынхаа зүг зүглүүлэн татаж, амьдралын их далай руу чиглүүлэн залуурдаж байж билээ. Яг хувиар амлах өдөр надад маш олон сургуулийн маш олон мэргэжлийн сонголт байсан боловч аав минь мэргэжил бүхэн сайхан, гэхдээ чи өөрийн багын хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд нэг ч гэсэн алхам хийх хэрэгтэй гэж зөвлөж улмаар би өөрийн хүсэл мөрөөдөл болох санхүүч мэргэжлийг сонгон Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуульд элсэн орсон юм. Миний дотоод сэтгэлдээ олон жил усалж ургуулсан санхүүч болох мөрөөдлийн маань мод гадны ямарч салхинд ганхахааргүй тийм хүчирхэг үндэстэй болсон байсан нь энэ мэргэжлийг сонгох хамгийн том хүчин зүйл байсан төдийгүй энэхүү сонголт нь миний амьдралын зөв шийдвэрүүдийн нэг байсан гэдэгт би огтхон ч эргэлздэггүй юм.
Дэлхийн улс орнууд нь бие биеэсээ харилцан хамаарч хөгжиж байгаа өнөөгийн даяарчлагдсан нийгэмд эдийн засагч, санхүүгийн чиглэлийн өндөр мэргэжилтэй хүмүүс улс оронд минь дутагдаад байгаа нь одоо тохиолдоод буй хямралаас яаж гарах арга зам, түүний тухай бодитой хийсэн судалгаа байхгүй байгаагаас харагдаад байна.
Санхүү гэдэг үг нь мөнгийг удирдах гэсэн үг юм. Санхүүч мэргэжлийг байгууллагын зүрх гэдэг бөгөөд хүн болгон санхүүч болох албагүй. Гагцхүү хүн бүхэн өдөр тутам мөнгөтэй харилцаж, мөнгөний удирдлагыг өөр өөрийн туршлагын хүрээнд хэрэгжүүлж, санхүүгийн олон харилцаанд оролцож байдаг.
Тиймээс миний мэргэжлийн мөн чанар нь тухайн улс, орон, байгууллагын өнгөрсөн, одоогийн мэдээлэл дээр тулгуурлан ирээдүйн дүр зургийг төлөвлөж татан төвлөрүүлсэн хөрөнгөө үр ашигтай хөрөнгө оруулалтанд хэрхэн яаж хуваарилах, санхүүгийн нөөц болох мөнгөн хөрөнгөө хэрхэн арвижуулах, зөв оновчтойгоор захиран зарцуулах, учирч болох эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх болон учирсан тохиолдолд хэрхэн бага хохиролтойгоор даван туулах, зэрэг асуудалд оршдог учраас би мэргэжлийнхээ давуу талыг гүнзгий эзэмшиж чадсанаар Монголд төдийгүй дэлхийн түвшинд гарч ажиллах боломжийг бий болгож чадах юм.
Өнөөдрийн даяарчлагдсан нийгэмд дэлхийн бүхий л улс орнууд нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, улс орнууын хооронд асар их мөнгөн гүйлгээнүүд хийгдэж байгаа. Монгол Улсын хувьд ч гэсэн эдгээр гадаад арилжаанаас ашиг олох үйл ажиллагаа нээлттэй байгаа боловч гагцхүү манай улсын санхүүгийн зах зээл нь сайн хөгжөөгүй байгаа. Тиймээс санхүүч мэргэжилд суралцаж байгаа залуус бид өөрийн орны санхүүгийн зах зээлийг хөл дээр нь босгож, улс орныхоо хөгжил дэвшилд бодитойгоор хувь нэмрээ оруулах цаг нэгэнт иржээ.
МУИС-н Эдийн Засгийн Сургууль
“Санхүү-мэдээлэлзүй” ангийн
1-р курсын оюутан П.Буяндэлгэр

No comments:

Post a Comment